Мэдээллийн огноо: 2021-04-29
Нийт уншсан: 6338
Гэр хорооллын иргэд ус хадгалах сав сонгохдоо аль болох хуванцар савнаас татгалзах, хуванцар савны олон улсын тэмдэглэгээний дагуу хүнсний зориулалттай сав, зэвэрдэггүй хөнгөн цагаан сав, нержин хийцтэй сав зэрэг удаан ашиглагдах, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй сав сонгохыг тус тус зөвлөж байна.
Манай улсад зориулалтын бус хуванцар сав нь олдоц ихтэй, үнэ хямд байдгаас айл өрхүүд ундны ус, сүү, айраг зэрэг хүнсний шингэн бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэхэд өргөнөөр хэрэглэж байна. Хүнсний зориулалтын бус хуванцар саванд хонуулсан усны найрлагад төмөр 2 дахин, нитрит 11 дахин, аммиак 48 дахин их агуулагддаг байна. Хуванцар саванд хонуулсан сүүнд хар тугалгын агууламж стандартад зааснаас 3-4 дахин, айрганд 4,4 дахин их бөгөөд худалдааны захуудад худалдаалж буй хуванцар савны 44,9 хувь нь хуучин сав байгааг Эрүүл мэндийн яам анхааруулж байна.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар хуванцар саванд хадгалсан усан дахь хар тугалга ДЭМБ-ын зөвлөмж хэмжээ болон Монгол Улсад мөрдөж байгаа стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 60-800, формальдегид 1800-6900 дахин их байгааг тус тус тогтоожээ.
Хар тугалга нь хорт хавдрын эсийг идэвхжүүлж, оюун ухааны чадамжийг бууруулан, хоолны дуршил муутгаж, хоол боловсруулах эрхтэн системийн эмгэг үүсгэн, хүүхдийн өсөлт, хөгжлийг сааруулах аюултай. Формальдегид нь хоёрдугаар зэргийн аюултайд тооцогдох хортой шинж чанартай бодис бөгөөд гоо сайхан, хумс бэхжүүлэх бүтээгдэхүүн болон ариутгал, цэвэрлэгээний бодисын бүрэлдэхүүнд ордог, арьс салст болон амьсгалын замыг цочроох, арьсан дээр тууралт үүсэх эрсдэлтэй юм. Мөн поликарбонат агуулсан хуванцарт биспонел А бодис агуулагддаг бөгөөд энэ нь хүний биеийн гормон ялгаруулах үйл ажиллагаанд хор хөнөөл учруулдаг байна.
Иймд хүнсний зориулалтын бус хуванцар савны хэрэглээг бууруулах, зориулалтын бус савны хор холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах, хүнсний зориулалтын бус савыг ахуйн зориулалтаар ашиглахгүй байхыг зөвлөж байна. Тиймээс хуванцар савны олон улсын тэмдэг, тэмдэглэгээний талаар зохих мэдлэгтэй байх нь чухал.
Дараах хүснэгтээс хуванцар савны олон улсад ашигладаг тэмдэглэгээ, хүнсэнд удаан хугацаанд хэрэглэхэд эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөлөл зэргийг доорх хүснэгтэд харууллаа.
Доорх хүснэгтэд харуулсан "1", "5" гэсэн тэмдэглэгээ, кодтой хуванцар сав нь хэрэглэхэд аюулгүй, "2", "4" гэсэн тэмдэглэгээ, код бүхий хуванцар сав нь эрүүл мэндэд учруулах хор хөнөөл багатай тул нэг удаа хэрэглээд хаях.
Харин "3", "6", "7" гэсэн тэмдэглэгээ, кодтой хуванцар сав нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, хортой тул хоол хүнсний зориулалтаар хэрэглэх боломжгүй юм. Иймд айл өрх ус хадгалах сав авахдаа уламжлалт хөнгөн цагаан эсвэл зориулалтын нержи хийцтэй сав сонгохыг зөвлөж байна.
Хуванцар савны олон улсын ангиллын тэмдэглээ, эрүүл мэндийн нөлөөлөл, зохистой хэрэглээ.